ОЛОН УЛСЫН ШИНЭ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧУУЛГАН 2022
Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг "Олон улсын шинэ эрчим хүчний чуулган" уулзалт 2022 оны 9 сарын 28-29нд Корпорэйт Конвейшн Центр-т “Эрчим хүчний шилжилт сэдэвтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус чуулганыг зохион байгуулахад Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, Нэгдсэн үндэстний байгууллага нь хамтран зохион байгуулж, БНХАУ-ын ZTT цахилгаан кабель үйлдвэрлэгч компани, Мастер Электрик ХХК ба Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн байгууллагууд санхүүгийн дэмжлэг үзүүллээ.
Үндэслэл
Их Британийн нэгдсэн вант улсын Глазгов хотноо 2021 оны 10 дугаар сарын 30-аас 11 дүгээр сарын 12-ны өдрүүдийн хооронд зохион байгуулагдсан “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурал”-ын үр дүнд нийт 154 улс орон үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрээ сайжруулж, 90 орчим хувь нь Net-Zero зорилтод хүрэхээ мэдэгдсэн нь дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 80 хувийг эзэлж байна.
2021 оны байдлаар зүүн хойд азийн 3 гол зах зээл болох БНХАУ, БНСУ, Япон улсууд Net-Zero зорилтоо зарлаад байна.
Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг болон БНСУ-ын эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн хамтран бэлтгэсэн тайланд “GEIDCO -н төсөөллөөр 2050 он гэхэд Зүүн Хойд Азид нийт эрчим хүчний хэрэглээний 80 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой ба үүний тулд нийт 990 ГВт чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх шаардлагатай.
Үүнд Лена болон Амур мөрнийг түшиглэсэн 64.5ГВт чадалтай УЦС, Охотскийн тэнги, Сахалины арал, Монголын өмнөд говь, БНХАУ-ын хойд азийн салхины нөөцөд түшиглэсэн 430ГВт-ын нарны цахилгаан станц, Монголын өмнөд говь болон БНХАУ-ын хойд нутгийн салхины нөөцөд түшиглэсэн 510ГВт чадалтай салхин цахилгаан станцуудыг байгуулах урьдчилан таамаг боловсруулжээ.Үүнээс үзвэл Зүүн Хойд Ази нь ирэх 30 жилийн туршид сэргээгдэх эрчим хүчний хамгийн их өсөлттэй шинэ зах зээл байхаар ажиглагдаж байна.
Монгол улсын хувьд үндэсний тодорхойлсон хувь нэмэртээ “хүлэмжийн хийн ялгарлыг 2010 оны түвшинтэй харьцуулахад 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах” зорилтыг дэвшүүлсэн ба үүнийг 27.2 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтойг Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурал” дээр албан ёсоор мэдэгдсэн.
Өнөөгийн зорилтыг хэрэгжүүлэхэд эрчим хүчний салбар нь чухал үүрэгтэй ба нийт ялгарлыг 49.7 хувийг бууруулах үүргийг хүлээсэн. Гэвч 2021 оны түвшинд нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаад байгаа нь зорилтот түвшинд хүрэхэд эргэлзээтэй байна.
Хэлэлцэх асуудлууд
- Эрчим хүчний шилжилт
- Бүсийн эрчим хүчний зах зээл
- Сүлжээний чадавхи
- Эрчим хүчний худалдаа ба харилцаа холбоо
- Нарны системийн хэрэглээ, шийдэл, технологи
- Устөрөгчийн шинэ технологи
- Батарей хуримтлуур
- Эрчим хүчний шилжилтийн хөрөнгө оруулалт
- Хөрөнгө оруулалтыг тогтвортойгоор хэрэгжүүлэх
- Хөрөнгө оруулалтыг тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд үр ашигтайгаар хөгжүүлэх
- Дамжуулах сүлжээний дунд хугацааны төлөвлөлт
- Шинэ үеийн цахилгаан дамжуулах утасны давуу тал болон сул талууд
- Дамжуулах сүлжээг илүү ухаалаг дижитал болгох боломж
- Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн харилцан холболтын асуудал
- Эрчим хүчний барилга угсралтын төслийн менежментийн асуудлууд
Зорилго, Ач Холбогдол
Чуулганы зорилго:
- Зүүн Хойд Азид эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсэж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах
- Бүс нутагт тогтвортой эрчим хүчний салбарыг хөгжүүлэх
- Олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг Монгол улсын эрчим хүчний салбарт чиглүүлэх, мэдээллээр хангах
Тус чуулганаар бүс нутагт хүлэмжийн хийн ялгарал багатай, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт эрчим хүчний шийдлүүдийг нэвтрүүлэх, эрчим хүчний салбарын бодлого, хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хөндөж, төрийн ба төрийн бус байгууллага, сонирхогчид бүхий 400 гаруй хүн оролцлоо.