СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ЕСДҮГЭЭР ФОРУМ
Жил бүр уламжлал болгон байгуулагддаг “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум" нь 2008 оноос зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй.Анх тус форумд 150 орчим зочид оролцдог байсан бол 2017 онд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний наймдугаар форум”-ыг Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулснаар 600 орчим зочид оролцож, цар хүрээгээ тэлээд байна.
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум нь Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, ололт амжилтаа ярилцаж, хэтийн төлвөө хэлэлцдэг сэргээгдэх эрчим хүчний салбарын албан ёсны бөгөөд эрчим хүчний салбар дахь хамгийн олон зочид оролцдог хурал юм.
Форумын үйл ажиллагааг жил бүр Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хорооны бодлогын дэмжлэг, хамтын ажиллагааны дор зохион байгуулж, форумаас гарсан санал, санаачлага, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, ажил хэрэг болгохыг зорьдог нь үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгодог.
Үндэслэл
2016 онд Монгол улсын хэмжээнд нийтдээ 5.8 тэрбум кВт.ц эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэсний 95.8 хувийг дулааны цахилгаан станцуудаас, 0.1 хувийг дизель генераторуудаас, 4.2 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс тус тус үйлдвэрлэж, 1.9 тэрбум кВт.ц цахилгааныг импортложээ.
Монгол улс нь сэргээгдэх эрчим хүчний нөөц, тэр дундаа нарны болон салхины эрчим хүчний арвин их нөөцтэй боловч нийт эрчим хүчний үйлдвэрлэлийг 90 гаруй хувийг нүүрсний цахилгаан станцуудаас үйлдвэрлэж, мөн системийн найдвартай ажиллагааны байдлаа хангах үүднээс ОХУ-ын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллаж байна.
Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын сонирхол асар их байгаа ба 2017 оны Есдүгээр сарын байдлаар ойрын жилүүдэд нар, салхин цахилгаан станц байгуулахаар олгогдсон тусгай зөвшөөрлийн хүчин чадлын нийлбэр нь 879.2 МВт-д хүрчээ[1].
Үүнээс гадна, Монгол Улсын Засгийн Газрын зүгээс системийн найдвартай ажиллагааг сайжруулах, цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх, бие даасан байдлыг хангах үүднээс усан цахилгаан станцууд байгуулахад онцгой анхаарч байгаа бол, Эрчим хүчний яамны зүгээс түгээх сүлжээнд жижиг чадлын нар, салхин цахилгаан станцуудыг хөгжүүлэхэд анхаарал хандуулан, ажлын хэсэг байгуулаад байна.
Монгол улс нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нөөц боломж асар ихтэй боловч уламжлалт дулааны цахилгаан станц голлосон эх үүсвэрүүдтэй, дотоодын эрчим хүчний зах зээлийн багтаамж бага зэргээс шалтгаалан сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх дотоод нөөц боломж нь хязгаарлагдмал байна.
Иймд Монгол улс эрчим хүчний экспортын зах зээлийг бий болгохоор олон талт үйл ажиллагаануудыг улс төрийн түвшинд, хувийн хэвшлийн түвшинд, олон улсын байгууллагуудын оролцоотойгоор хийж байна.
Тодруулбал Монгол улс, БНХАУ-ын хооронд эрчим хүчний экспортын зах зээлийг бий болгох асуудлаар улс төрийн түвшинд хэд хэдэн удаагийн уулзалтуудыг хийсний үр дүнд Монгол улсаас БНХАУ-д цахилгаан экспортлох ТЭЗҮ боловсруулах ажлууд явагдаж байна. Мөн Монголын өмнөд говийн нар, салхины эрчим хүчний нөөцөд түшиглэсэн Зүүн хойд азийн супер сүлжээг байгуулах санаачлага эрчимжиж, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй судалгааны ажлыг эхлүүлээд байна.
2018 онд Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хийгдэх эрх зүйн бодлого, дүрэм, журмын шинэчлэлтэй холбоотой чухал асуудлуудыг хийгдэх тул “Сэргээгдэх эрчим хүчний ЕСДҮГЭЭР форум” –аас гарах санал, зөвлөмж нь чухал хувь нэмэр болно гэдэгт найдаж байна.
ЗОРИЛГО
“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний ЕСДҮГЭЭР форум”-аар дараах үндсэн чиглэлд асуудлууд дэвшүүлж, Монгол улсын цаашдын сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн бодлого, төлөвлөлтөд санал, зөвлөмжүүд гаргах зорилготой.НЭГДСЭН СҮЛЖЭЭН ДЭХ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙГ ТЭЛЭХ БОЛОМЖУУД
Дотоодын эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 2018 оны төгсөлд 200 МВт-ыг давах төлөвтэй байна. Ингэснээрээ 2015 онд УИХ-аас баталсан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого[1]”–н эхний үе шатыг зорилтот хугацаанаас нь өмнө амжилттай хэрэгжүүлээд байна.
Иймд цаашид нэгдсэн сүлжээн дэх сэргээгдэх эрчим хүчний төлөв, өсөлтийг хэрхэн зохицуулах, хөгжүүлэх асуудлаар форумд оролцож дотоод, гадаадын экспертүүдээр хэлэлцүүлэн, санал, зөвлөмж гаргах.
ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ХӨГЖҮҮЛЭХ
Ойрын жилүүдэд түгээх сүлжээнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах эрх зүйн орчин бүрдэх төлөвтэй байгаа. Энэ нь Монгол улсын эрчим хүчний салбарын хувьд шинэ бөгөөд дэвшилтэт бодлогын шийдэл болох юм. Үүнийг хэрэгжүүлэхэд түгээх сүлжээн дэх зарим хүндрэлтэй асуудлууд үүсч байгаа. Үүнд: Түгээх сүлжээний технологийн шаардлага, тарифыг зохицуулалт, түгээх сүлжээний байгууллагын статус г.м.
Иймд форумын хуралдаанаар түгээх сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний ашиглахтай холбоотой илтгэлүүдийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар журмын төсөлд тусгах санал, зөвлөмжүүдийг гаргах зорилготой.
ЗАХ ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ БА ӨРСӨЛДӨӨН
Монгол улсын нэгдсэн сүлжээн дэх бүрэлдэхүүн хэсгүүдийн технологийн үйл ажиллагааг нэгдмэл горим, шуурхай удирдлагаар хангах зохицуулалт хийхийг нэгдсэн сүлжээний дүрмээр зохицуулдаг.
Иймд нэгдсэн сүлжээний дүрэм нь системийн найдвартай, аюулгүй ажиллагааны байдлыг хангахаас гадна өрсөлдөөнийг зохицуулах, систем дэх технологийн чиг хандлагыг тодорхойлох чухал техникийн бичиг баримт юм.
Монгол улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 90 гаруй хувийг бүрдүүлж буй эх үүсвэрүүд нь бүгд төрийн өмчлөлтэй бөгөөд хөрөнгө оруулалтын зардал нөхдөггүй. Энэ нь хувийн хөрөнгө оруулалттай эрчим хүчний эх үүсвэрүүд сүлжээнд холбогдоход өрсөлдөх чадварт нөлөөлж байна.
Иймд форумын үеэр үнэ тарифын шийдэл, нэгдсэн сүлжээний дүрмийн зохицуулалттай холбоотой илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулж, эх үүсвэрийн зохицуулалтын чиглэлээр санал, зөвлөмж гаргах зорилготой.
[1] Дотоодын эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг 2023 он гэхэд 20 хувьд, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх