СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО
1. ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
“Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо” нь Монгол улсад байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий цэвэр, нөхөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэлгэрүүлэх, хурдацтай өсөлтийг дэмжих зорилгоор 2017 оны Дөрөвдүгээр сард үүсгэн байгуулагдсан, ашгийн бус бөгөөд гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.
Холбоо нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн байгууллагыг гишүүнээр элсүүлэх ба гишүүнчлэлийн төлбөр болон хурал, семинар зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулах замаар санхүүжилтээ шийдвэрлэх болно.
2. ҮЙЛ АЖИЛЛАГАА
Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо нь үйл ажиллагаандаа дараах чиглэлийг баримтлан ажиллах болно.
Үүнд:
НЭГ. БОДЛОГЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ
Холбоо нь Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний салбарын хурдацтай өсөлтийг бий болгоход бодлогын орчныг сайжруулах анхаарал хандуулан ажиллаж, сэргээгдэх эрчим хүчний цахилгаан, дулааны эх үүсвэрүүдийг хөгжүүлэх, дотоодын тоног төхөөрөмж (нарны зайн үйлдвэр) үйлдвэрлэгчдийг хөхүүлэн дэмжихэд онцгой анхаарах болно.
ХОЁР. ҮНДЭСНИЙ БОЛОН ОЛОН УЛСЫН ХУРАЛ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАХ
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үндэсний болон олон улсын хурал, семинар зохион байгуулах нь холбооны гол ажлуудын нэг бөгөөд үүний үр дүнд сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх чухал санал, санаачлага, зөвлөмжүүдийг боловсруулан, холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг зорих болно.
ГУРАВ. ҮНДЭСНИЙ БОЛОВСОН ХҮЧНИЙГ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ
Сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд үндэсний боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой тул гадаадын түнш байгууллагууд болон өөрийн гишүүн байгууллагуудын экспертүүдийн нөөц боломжид түшиглэн боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх сургалтуудыг зохион байгуулж байх болно.
ДӨРӨВ. ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХ
Холбоо нь сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжилд чухал ач холбогдолтой бодлогын болон техникийн төсөл хөтөлбөрүүдийг олон улсын түнш байгууллагуудын дэмжлэгтэйгээр хийх боломжтой.
ТАВ. УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
Эрчим хүчний салбар дахь төрийн байгууллагуудаас сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй аливаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдтэй холбоотой зөвлөлдөх уулзалтыг гишүүн байгууллагуудад мэдээлэл өгөх, тэдгээрийн саналыг тусгуулах зорилгоор улиралд 1 удаа хийж байхаар урьдчилан төлөвлөөд байна. (Жишээ нь: Сэргээгдэх эрчим хүчний хуулийн шинэчлэлтэй холбоотой зөвлөлдөх уулзалт)
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭГЧЛИЙН ХОЛБООНЫ ВЭБ САЙТААР ЗОЧИЛЖ БУЙД БАЯРЛАЛАА.