Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль
•2007 оны 1-р сарын 11-ний өдөр УИХ батласан;
•6 бүлэг, 15 зүйлтэй;
•2008.12.19; 2011.02.10; 2012.08.17; 2015.01.23; 2015.06.19; 2015.12.04; 2019.06.06 тус тус 7 удаа өөрчлөлт оруулсан;
•Сүүлийн хуулийн өөрчлөлтөөр тарифыг бууруулсан.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1.Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль тогтоомж нь Эрчим хүчний тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан Монгол Улсын нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан үйлдвэрлэж, нийлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ.
/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэглэгч өөрийн хэрэгцээг хангах зорилгоор сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг ашиглахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр” гэж нар, салхи, усны эрчим болон газрын гүний дулаан, биомасс зэрэг байгалийн байнга нөхөн сэргэх нөөцийг;
4.1.2.“биомасс” гэж ургамал, органик хаягдлыг;
4.1.3.“сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр” гэж энэ хуулийн 4.1.1-д дурдсан эх үүсвэрийг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх байгууламжийг;
4.1.4.“сэргээгдэх эрчим хүч” гэж энэ хуулийн 4.1.3-т заасан байгууламжийг ашиглан үйлдвэрлэсэн цахилгаан, дулааныг;
4.1.5.“сэргээгдэх эрчим хүчний бие даасан үүсгүүр” /цаашид ”бие даасан үүсгүүр” гэх/ гэж эрчим хүчний дамжуулах сүлжээнд холбогдоогүй дан болон хосолсон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг;
4.1.6.“үйлдвэрлэгч” гэж Эрчим хүчний тухай хуулийн 13.1-д заасан цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийг;
4.1.7.“дамжуулагч” гэж Эрчим хүчний тухай хуулийн 14.1-д заасан цахилгаан, дулаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг;
4.1.8.“хэрэглэгч” гэж Эрчим хүчний тухай хуулийн 3.1.19-д заасан иргэн, хуулийн этгээдийг.
/Энэ заалтад 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.9.“дэмжих тариф” гэж сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор эрчим хүчний үнэд шингээсэн тарифыг.
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.1.10.“төсөл шалгаруулалт” гэж эрчим хүч дамжуулах сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төслийг тогтоосон техникийн нөхцөл, нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх үнийн саналаар өрсөлдүүлэн сонгон шалгаруулах ажиллагааг;
/Энэ заалтыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.1.11.“төсөл хэрэгжүүлэх баталгаа” гэж төсөлд оролцогч нь төслийг бүрэн биелүүлэхийг баталгаажуулж ирүүлсэн банкны баталгаа, банканд байршуулсан мөнгөн хөрөнгийг;
/Энэ заалтыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.1.12.“Диспетчерийн үндэсний төв” гэж Эрчим хүчний тухай хуулийн 10.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийг.
/Энэ заалтыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
5 дугаар зүйл.Сэргээгдэх эрчим хүчний талаархи төрийн байгууллагын чиг үүрэг
5.1.Улсын Их Хурал сэргээгдэх эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, улсын төсвийн хөрөнгөөр баригдсан бие даасан үүсгүүрийг орон нутгийн өмчид шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
5.2.Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, бие даасан үүсгүүрээр хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар хангах сумдын жагсаалтыг батлана.
5.3.Эрчим хүчний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.3.1.сэргээгдэх эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;
5.3.2.улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн техник, эдийн засаг, хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг боловсруулах;
5.3.3./Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5.3.4.сэргээгдэх эрчим хүчний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах.
5.3.5.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэх болон хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах дүрэм, журмыг боловсруулж, батлах;
/Энэ заалтыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.3.6.сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа хийх;
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.3.7.сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар, үйлчилгээний норм, дүрэм, стандартыг боловсруулж, зохих журмын дагуу батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих.
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.3.8.төсөл шалгаруулалтын журмыг боловсруулах, батлах;
/Энэ заалтыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.3.9.төсөл шалгаруулалтыг зохион байгуулахдаа дараахь зарчмыг баримтална:
/Энэ заалтыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.3.9.а.сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх төрийн бодлого, эрчим хүчний нэгдсэн сүлжээний тогтвортой ажиллагаатай уялдуулан төсөл хэрэгжих байршил, эх үүсгүүрийн төрөл, хүчин чадал, жилд худалдаж авах эрчим хүчний хэмжээг урьдчилан тодорхойлсон байх;
5.3.9.б.сэргээгдэх эрчим хүчний техник, технологи, нэгдсэн сүлжээнд худалдах үнийн саналаар өрсөлдөхүйц байх;
5.3.9.в.ил тод, шударга, өрсөлдөх тэгш боломжтой байх.
5.4./Энэ хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.5.1.сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг байршуулах газрыг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах;
5.5.2.сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр байршуулах зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэх;
5.5.3.аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сэргээгдэх эрчим хүч ашиглахын ач холбогдлыг сурталчлах;
5.5.4.орон нутгийн өмчийн бие даасан үүсгүүрийг иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэх.
/Энэ хэсгийн дугаарыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
5.6.Эрчим хүчний зохицуулах хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.6.1.дамжуулах сүлжээнд холбогдох үүсгүүр бүхий үйлдвэрлэгчийн үйлдвэрлэн нийлүүлэх эрчим хүчний үнийн тооцоог хянаж, энэ хуулийн 11 дүгээр зүйлийн дагуу тарифыг батлах;
5.6.2. дамжуулах сүлжээнд холбогдох үүсгүүр бүхий үйлдвэрлэгчийн Диспетчерийн үндэсний төвтэй байгуулах гэрээний загварыг батлах, уг гэрээний хэрэгжилтэд хяналт тавих.
/Энэ заалтад 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.6.3.хэрэглэгчийн худалдан авах дэмжих тарифын хэмжээг тогтоох;
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.6.4.цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний үйлчлэх хугацаа дууссаны дараа үнэ, тарифыг тухай бүр тогтоох.
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийн дугаарыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
5.6.5.хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн цахилгааны түгээх сүлжээнд нийлүүлэх үнэ, тарифыг жил бүр хянаж, тогтоох.
/Энэ заалтыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
6 дугаар зүйл.Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих
6.1.Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих хуулийн этгээд нь Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авна.
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч байж болно.
7 дугаар зүйл.Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл
7.1.Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хуулийн этгээд нь Эрчим хүчний тухай хуулийн 13.1-д заасан цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авна.
7.2.Дамжуулах сүлжээнд холбогдох үүсгүүр бүхий үйлдвэрлэгч дараахь эрх, үүрэгтэй:
7.2.1.сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрт хамгийн ойр орших дамжуулах сүлжээний холбох цэгт цахилгаан эрчим хүч нийлүүлэх;
7.2.2.сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс дамжуулах сүлжээний холбох цэг хүртэлх цахилгаан дамжуулах зардлыг хариуцах;
7.2.3.диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тавьсан шаардлагыг биелүүлэх.
7.3.Бие даасан үүсгүүрээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч дараахь эрх, үүрэгтэй:
7.3.1.үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд баталгаат тоолуураар нийлүүлэх;
7.3.2.тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн хэрэглэгчдэд худалдсан цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг Засгийн газраас нөхөн авах.
/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.4.Энэ хуулийн 11.2 дахь хэсэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр эрчим хүч үйлдвэрлэгчид хамаарахгүй.
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.5.Бие даасан үүсгүүрээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч нь эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байна.
7.6.Бие даасан үүсгүүрээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч нь эрчим хүчээр зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байж болно.
8 дугаар зүйл.Диспетчерийн үндэсний төвийн үүрэг
/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.1. Диспетчерийн үндэсний төв дараахь үүрэгтэй:
/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.1.1.үйлдвэрлэгчээс нийлүүлсэн цахилгаан эрчим хүчийг энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу батлагдсан тарифаар худалдан авах;
8.1.2. үйлдвэрлэгчээс нийлүүлсэн цахилгаан эрчим хүчийг эрчим хүчний дамжуулах сүлжээний хуваарилах байгууламжид техникийн шаардлагын дагуу холбохоос бусад өргөтгөл хийх, түүний зардлыг хариуцах.
/Энэ заалтад 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл авах
9.1.Сонирхогч хуулийн этгээд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих, буюу үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлд гаргана.
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.2.Энэ хуулийн 9.1-д заасан хүсэлтэд Эрчим хүчний тухай хуулийн 21.2-т зааснаас гадна дараахь баримт бичгийг хавсаргана:
9.2.1.сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг байршуулах зориулалтаар олгосон газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.2.2.сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрт ашиглагдаж хугацаа нь дууссан зай хураагуурыг дахин боловсруулах, устгах төлөвлөгөө;
9.2.3.усны эрчмийг ашиглах барилга байгууламж барих бол газрын хөрс, ургамал, геологи, гидрогеологийн нөхцөл, газар зүйн байрлал, газрын гадаргуу, уур амьсгал, агаарын даралт, салхины горим болон ус зүйн судалгааны материал;
9.2.4.сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн техник, тоног төхөөрөмж, барилга байгууламж нь олон улсын болон үндэсний стандартыг хангаж байгаа тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт.
9.3.Тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэгтэй холбогдсон харилцааг Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу зохицуулна.
10 дугаар зүйл.Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ
10.1. Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай үйлдвэрлэгч, Диспетчерийн үндэсний төвийн хоорондын гэрээг Эрчим хүчний зохицуулах хорооны баталсан загварын дагуу байгуулна.
/Энэ хэсэгт 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.2. Энэ хуулийн 10.1-д заасан гэрээнд үйлдвэрлэн нийлүүлэх цахилгааны чадал, чанарын үзүүлэлт, хэмжээ, тариф, хугацаа, төсөл хэрэгжүүлэх баталгаа, цахилгааны тоолуур, хэмжих хэрэгслийн байршил, түүний төрөл, загвар, нарийвчлал, итгэлцүүрийн хэмжээ, дугаар, цахилгааны төлбөр, тооцооны нөхцөл, гэрээг цуцлах үндэслэл, талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тусгана.
/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
10.3.Гэрээний хугацааг хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтооно.
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ҮНЭ, ТАРИФ
11 дүгээр зүйл.Сэргээгдэх эрчим хүчний үнэ, тариф
11.1.Дамжуулах сүлжээнд холбогдсон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх эрчим хүчний үнэ, тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо дараахь хязгаарын хүрээнд тогтооно:
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.1.1. салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.085 ам.доллар хүртэл;
/Энэ заалтад 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.1.2.5000 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.06 ам.доллар;
11.1.3.нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.12 ам.доллар хүртэл.
/Энэ заалтад 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.2.Энэ хуулийн 11.1-д заасан үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно.
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
11.3. Бие даасан үүсгүүрээр үйлдвэрлэн нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл дараахь хязгаарын хүрээнд тогтооно:
11.3.1. салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.10-0.15 ам. доллар;
11.3.2. 500 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.10 ам. доллар;
11.3.3. 501-2000 кВт хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.05-0.06 ам.доллар;
11.3.4. 2001-5000 кВт хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.05 ам.доллар;
11.3.5. нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.2-0.3 ам. доллар.
/Энэ хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
11.4.Эрчим хүчний зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэж, түгээх сүлжээнд нийлүүлэх эрчим хүчний үнэ, тарифыг тогтоохдоо дор дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзнэ:
/Энэ хэсэгт 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.4.1.тухайн бүс нутгийн газар зүйн байрлал, дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал;
11.4.2.үнэ, тариф нь хэрэглэгчдийн худалдан авах чадавхид нийцсэн байх.
11.5.Газрын гүний дулааны эрчим, биомасс болон энэ хуулийн 11.1-т зааснаас бусад сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэн нийлүүлэх эрчим хүчний үнийг уг үнэ, тарифын нийгэмд үзүүлэх нөлөөллийг харгалзан эрчим хүчний зохицуулах хороо тогтооно.
/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.6.Эрчим хүчний системд холбогдох болон горим тохируулагч усан цахилгаан станцын үнэ, тарифыг бодит өртөг, техник, эдийн засгийн үндэслэлд тулгуурлан Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно.
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
11.7.Энэ хуулийн 11.1-т заасан үнэ, тарифын хязгаарыг хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтооно.
/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.8.Энэ хуулийн 11.1 дэх хэсэг цахилгаан экспортлох үйл ажиллагаанд хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
12 дугаар зүйл.Үнэ, тарифын үйлчлэх хугацаа
12.1.Сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифыг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө.
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ТАВДУГААР БҮЛЭГ
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САН
13 дугаар зүйл.Сэргээгдэх эрчим хүчний сан
13.1.Сэргээгдэх эрчим хүчний сан байгуулах, уг сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль2-иар зохицуулна.
/Дээрх Тавдугаар бүлгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
14 дүгээр зүйл.Маргаан шийдвэрлэх
14.1.Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Эрчим хүчний тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
15 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
15.1.Энэ хуулийн 7.3.2-т заасныг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
15.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
эх сурвалж: LEGALINFO